Дуугардаг элс
Марко Поло Төв азиар жуулчилсан
тухайгаа “ Тэр цөлөөр шөнө аялах үед хэн нэг хүний яриа сонсдох, олон хөгжмөөр
зэрэг тоглох мэт авиа сонсогддог ” хэмээн бичсэн байдаг. Дорноговь аймгийн
өмнөд захын Дуут элс харахад ердийн нэг манхан, оройд нь гараад хярыг нь барьж,
явахуйд хөлд өртөн нурах элс нисэх онгоц мэт хүнгэнэн дуугардаг. Энэчилэн манай
оронд дуут элстэй газар цөөнгүй бий. Тийм элсийг хүүдийд хийж сэгсэрвэл нохой
хуцах мэт дуугарна. Хүүдийтэй нь базаж мушгирвал гахайн торойн адил шуухинана.
Жингэнэдэг чулуу
Өмнөговь аймгийн Баяновоо сумын
Могойтын бригадын нутаг дахь хэсэгхэн газрын бараан саарал өнгийн чулууг хатуу
зүйлээр цохиход царгил хөгжмийн эгшиг адил , эсвэл хонх жингэнэж байгаа юм шиг
дуугардаг. Нутгийн хүмүүс түүгээр хөгжмийн зэмсэг хийдэг аж. Мөн Увс аймгийн
Тариалан сумын нутаг Хархираа, Түргэний бэлчирт нэгэн үхэр чулуу бий. Уг
чулууны тал бүрд нь тогшиход янз бүрийн авиа гардаг бөгөөд энэ нутгийн А. Шинэн
зэрэг авъяастнууд ардын дууны ая оруулж байжээ.
Урамддаг нуур
Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут
нуур , Ховд аймгийн Дуут сумын Дуут нуур , Баянөлгий аймгийн Бугат сумын шар
нуур, Булган аймгийн Дашинчилэн сумын Борогчны нуур, Сэлэнгэ аймгийн Гүн нуур
зэрэг хөлдөх, гэсэх, үедээ голдуу үхэр урамдах мэт дуу, чимээ гаргадаг нуур
монголд цөөнгүй.
Цонжийн чулуу
Хүний гараар бүтсэн зургаан талт
баганууд мэт тогтсон хүрмэн байц хад Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт
байдаг. Түүнийг нутгийн ардууд цонжийн чулуу гэнэ. Ийм хүрмэн чулуу бас
Говьалтай, Дундговь зэрэг аймгийн нутагт бий. Хүрмэн чулуу хайлмаг үедээ асар
их даралтад ийнхүү олон талт багана хэлбэртэй болж талсждаг.